“Санхүүгийн философи”

Номын тэмдэглэл

Zob
3 min readMay 20, 2022

Санхүүгийн захын хөгжлөөс бид хүн төрөлхтний хөгжлийг харах төдийгүй, хүн төрөлхтний түүхийг ч уншиж болох юм. Энэ түүхээс бид санхүүгийн зах бол хүн бүрд, компани бүрд, улс орон бүрд нээлттэй, ижил боломж олгодог эко систем болохыг ойлгоно.

Мөнгө санхүү гэж юу вэ? Энэ зүйл бидний амьдралд ямар хэрэгтэй вэ? Хүн төрөлхтөн бусад амьтны аймгаас хөгжлөөрөө цойлж гарч ирэх үеэс эхлэн хоорондоо хамтран нэгдэх нь хүчирхэг болгодгыг ойлгож эхэлсэн. Харилцаа холбоо хамтралыг бий болгодог. Үг болон бичиг баримт нь бидний харилцахдаа ашиглах хамгийн чухал багаж хэрэгсэл байсаар ирсэн бол бидний тоо толгой ихсэх, илүү нарийн төвөгтэй асуудлууд үүсч эхлэхтэй холбоотойгоор бичиг баримтууд илүү ухаалаг болж эхэлсэн. Үүнээс мөнгөний үүсэл хөгжил яригдаж эхэлнэ. Мөнгө хүн төрөлхтний хоорондын харилцааг маш амар, энгийн болгож өгсөн шиг, шуналыг нь дэндүү өөгшүүлээд өгчихсөн. Мөнгө бол аврагч, мөнгө бол нүгэлтэн. Харин энэхүү ном нь мөнгийг удирдахуй буюу санхүүгийн салбарыг түүхтэй нь холбон тайлбарлаж, суурь ойлголтуудыг өгөх зорилготой.

Бодит амьдрал дээр санхүүгийн философийг ойлгож, мэдлэг чадвартай болсон хэн нэгэн математикийн ухаанд мэргэшсэн нэгнээс илүү суут хэмээн үнэлэгддэг нь нууц биш. Уг тоглоомын дүрэм нь ийм. “Баян аав, ядуу аав” номон дээр гарснаар, мөнгийг үл тоомсорлодог бол профессор байсан ч ухаан муутайд тооцогдох нь аргагүй.

1990 оныг хүртэл Монгол банкнаас гаргасан мөнгөн тэмдэгтүүд дээр “Банкны тэмдэгтүүд нь БНМАУ-ын үнэт металл, гадаад валют, бараа ба бусад активаар батлагдана.” гэж бичдэг байсан бол хачирхалтай нь, 1990 оноос хойших тэмдэгтүүдэд энэ баталгаа харагдахаа больжээ. Өөрөөр хэлбэл, хойноо үнэт металлын баталгаагүй, өөртөө бол үнэ цэнгүй, цаасан мөнгөнд бид одоо бүрэн итгэдэг болжээ.

Монголчуудын санхүүгийн мэдлэг хангалттай зузаан байгаагүй учраас Монгол улс хөгжөөгүй. Ойрадын нутаг эзлэгдэх үеэс эхлээд үргэлж л хэн нэгнийг үгээр, зөвхөн тэдний эрх ашигт хамааралтай нөхцөл байдлыг үүсгэх шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Магадгүй, хэн нэгэн ухаалаг удирдагчийг л хүлээж, хуучин цаг шигээ carry-дуулахыг хүсдэг байх.

Чөлөөт зах зээл, капитализмын ямар ч ойлголтгүй, бэлтгэлгүй байсан иргэдэд 70 жилийн турш алгуур бий болгосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний капиталыг хувьчилснаар ядуурал бий болж, баян хоосны ялгаа хэт ихсэж, улс орны өрсөлдөх чадварыг бүрэн сүйрүүлсэн юм.

Уг номон дээр одоогийн Монголын нийгэм эдийн засгийн тааруу нөхцөл байдлын үүсэл шалтгааныг бидний ярьдгаас шал өөр өнцгөөр бичсэн “Шок эмчилгээ” гэсэн бүлэг сэдэв надад хамгийн гүн мэдрэмж төрүүлсэн. Хүн бүхний амьдралыг ижил түвшинд байлгах гэсэн ЗХУ-ын удирдагчдын туршилтад дөнгөж оролцож, бүтэлгүйтсэнийхээ дараа, социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шууд үсрэх барууны орны дараагийн туршилтад үг дуугүй золиос болов. Үүнийг шок эмчилгээ гэж нэрлэдэг.

Шок эмчилгээний уршгаар өвгөнтийн архичид, траншейний хүүхдүүд гэх мэт цоо шинэ нийгмийн бүлгүүд бий болсон… Тухайн үед Саксын томьёолол буюу Олон Улсын Валютын Сангаас манайд өгсөн шок эмчилгээг ерөнхийд нь тоймлож үзвэл дараах агуулгатай. Үүнд:
— Төрийн өмчит ААНэгжүүдийг маш хурдан хувьчлах. Төрд аливаа нэн аж ахуй байхыг үл зөвшөөрөх. Иргэний агаарын тээвэр, төмөр зам, Эрдэнэт үйлдвэрээс эхлээд дулааны станцуудыг хүртэл хувьчлахыг тулгаж байв.
— Үнийг чөлөөлөх.
— Валютын ханшийг чөлөөлөх.
— Мөнгөний хатуу бодлого явуулах буюу зээлийн хүүг өндөр тогтоох. — Төсвийг танах буюу ЗГ-аас эдийн засгийг сэргээх зорилгоор мөнгө хийхийг хориглох.
— Цалин нэмэхийг хориглох.

Биднийг хөгжингүй улс болгохыг хүсдэггүй орнууд тун цөөнгүй бий. Бидний өвөг дээдэс тэдний өвөг дээдсийг галдан шатааж байсан юм хойно тэгэхээс өөр яахав. Өнөөдөр тэд (улсаа боддоггүй нутаг нэгтнүүд ч орно) бидний эдийн засгийг галдан шатааж байна. Харин одоо бид юу хийх ёстой вэ? Найз охины маань хэлснээр, боловсрол бол энэ бүхний шийдэл. Хүнд хэцүү амьдралыг туулж яваа нийгмийн доод, дунд давхаргын боловсролын түвшин ахихад ядахдаа илүү дээр арга шийдлийг олох толгой нэмэгдэх ёстой билээ.

Хөрөнгийн зах” гэсэн сэдвийг би сайтар уншиж, клубийнхэндээ илтгэл тавьсан бөгөөд, үнэ цэн бүтээж буй компаниуддаа хөрөнгө оруулж, уг зах зээлийг дэмжсэнээр энгийн иргэдийг ч хөрөнгө оруулж сурахад туслах нь манай орны хөгжлийн бас нэгэн шийдэл байж болохыг олж мэдсэн юм. I’ll take this investment as a duty✊.

Эцэст нь хэлэхэд энэ ном бол санхүүгийн мэдлэгтээ анхаарч буй хүн бүрт хамгийн хэрэгтэй номнуудын нэг. Наанаа энгийн түүхийн ном хэдий ч, цаанаа шийдэл хайж байгаа нь харагдана. Мөн Улаанбаатар хотод байрлах Дэлхийн санхүүгийн түүхийн музейн дурсгалуудын цаад түүхтэй уг номоор танилцах боломжтой. Санхүүгийн түгээмэл ойлголт, нэршлүүдийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаад, үүсэл гарлыг нь хөнгөхөн дурдаад явсан нь их таалагдсан. Highly recommended!

--

--