“Морритой өнгөрүүлсэн мягмар гаргууд”

Номын тэмдэглэл

Zob
3 min readJun 14, 2022

Хүн бүр нэг л өдөр үхнэ гэдгээ мэддэг боловч хэзээ ч энэ үнэнтэй эвлэрдэггүй. Хэрэв хүлээн зөвшөөрдөг байсан бол бид олон зүйлийг огт өөрөөр хийх байсан сан…

5 сарын сүүлээр болсон номын баяраар энэ номыг л авахгүй бол болохгүй санагдаад, 6.1-нд найз охиндоо бэлэглэхээр авсан боловч тэсэлгүй өөрөө уншчихсан. Эцсийн шалгалтууд тулж ирэн, бие даалт, даалгавруудын хугацаа дуусаж байсан тэр ачаалалтай өдрүүдийг амьдрал, аливаа зүйлсийн утга учрын талаар тунгаахад тун тохиромжгүй хэмээн тодорхойлж болох ч, надад харин ч эсэргээрээ санагдсан юм.

6 сарын настай болсон профессор, түүнтэй мягмар гараг бүр ирж уулзан амьдралын тухай, үхлийн тухай философилог яриа хийх түүний шавь хоёрын түүхийг уг номонд өгүүлдэг.

Ихэнх хүмүүс яг л зүүрмэглэж байгаа мэт амьдардаг. Тийм хагас унтаа байдлаасаа болоод бид ертөнцийг бүрэн дүүрэн мэдэрч чаддаггүй, аминд тулсан ажлаа л хийдэг.

Бид яг үнэндээ амьдрах завгүй амьдардаг, үхлийн талаар маргааш бодъё гэж хойшлуулдаг нь тун сонирхолтой. Магадгүй энэ л бидний нийгэм тийм ч гэрэлтэй харагдахгүй байгаагийн шалтгаан. Даанч төгс гэмээр хүнлэг энэрэнгүй нийгмийг үзэхийн тулд хүн төрөлхтөнг 6 сарын дараа мөхөөх шаардлагатай ч юм шиг.

Морри болон Митч нарын сэтгэл хөдлөлийн тухай ярилцсан 6 дахь мягмар гараг надад хамгийн их таалагдсан. Сэтгэл хөдлөлүүд бол зочид. Ирдэг бас явдаг. Зочид ирсэн байхад гэртээ ганцаараа мэт байгаад байж болохгүй. Ирснийг нь хүлээн зөвшөөрч, дайлж цайлан, ярилцаад, үдэж өгөх хэрэгтэй. Зочид хэт их удах ч бас тийм ч таатай байдаггүй шүү дээ.

Чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ хийгээд үз. Тэгвээс урам чинь хугарахгүй, атаархах сэтгэл төрөхгүй, бусдын эд юмсад бас шунахгүй. Харин ч өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун амьдрах болно.

— Надад хайр болон гэрлэлтийн талаар мэдэх хэдэн чухал юм бий… Та хоёрын үнэт зүйлс чинь таарч тохирч байх ёстой юм. Тэгээд хамгийн чухал нь юу гээч, Митч?
— За?
— Гэрлэлтээ хэр чухалчилж боддог чинь…

Хүн аюулд өртсөн үедээ л ууртай бухимдуу болдог. Харин манай нийгэм, соёл, эдийн засаг үргэлж аюул учруулж байдаг. Хүн ер нь аюулд өртөхөөрөө амиа л боддог.

Анх төрөхдөө л бид хэрхэн амьдрах аргаа олчихсон байдаг юм шиг. Харин томрох тусам тэрхүү мэдрэмжээ алдаж, эцэст нь үхэл нүдэнд харагдаж эхлэх үед л амьдрах урлагийн хичээлээ дахин давтдаг.

Аливаад энэрэнгүй ханд. Бие биеийнхээ төлөө хариуцлага хүлээ. Бид ингэж сурвал ертөнц хэчнээн сайн сайхан газар болох билээ гэдгийг төсөөлөөд үзээрэй. Бие биеэ хайрлахгүй бол мөхөл энүүхэнд шүү.

“Medicine, law, business, engineering, these are noble pursuits and necessary to sustain life. But poetry, beauty, romance, love, these are what we stay alive for.” (Dead poets society, 1989)

Үхэл гэдэг чинь халдвартай эд биш шүү дээ. Үхэл бол амьдралын л нэг хэсэг. Бидний аль хэдийн хэлэлцээд тохирчихсон хувь тавилан.

Stephen Hawking-тай ижил өвчин тусаж, үхэл амьдралын заагт зургаан сарыг өнгөрүүлэх болсон өвгөн профессорын үзэл бодол, үнэт эшлэлүүдээ өөр уг номонд тун сонирхолтой зүйл тийм ч их биш. Намтар, түүх гэсэн төрлийн ном байсныг мэдээгүйдээ ч тэр үү, илүү их үйл явдал, зохиол хүсэж байсан юм. Гэсэн хэдий ч, Морригийн амьдралын философи уг номыг таалахад хангалттай сонирхолтой, үр өгөөжтэй байсан гэж бодож байна. Эшлэлүүдийг нь тэмдэглэж аваад, эргээд харж байхад хэрэгтэй ном байлаа.

--

--