“Хайрын сургууль”

Номын тэмдэглэл/сэтгэгдэл

Zob
3 min readApr 19, 2022

“Хайрын түүх хэн нэгэн дахин уулзахгүй байх вий гэсэн айдсаас биш харин үргэлж хамт байхаас татгалзахгүй гэж шийдэхээс эхэлдэг. Бидний хайрын тухай ойлголт сэтгэл хөдөлгөм, анхны мөчүүдээр л тодорхойлогдох гээд байдаг учраас хэт богино болчихдог. Бид хайрын түүх хэрхэн эхэлдэг тухай сайн мэддэг хэрнээ хэрхэн өрнөдөг талаар тун ч бага мэддэг.”

Номын арын хавтсанд, “Эдинбүрг хотод Кирстэн, Раби хоёр танилцаж, бие биедээ дурлаж гэрлэнэ. Гэрлэсэн л бол насан туршдаа аз жаргалтай амьдарна гэж нийгэм бидэнд ойлгуулдаг ч, үнэндээ, гэрлэлтээр л бүх зүйл эхэлдэг. “Хайрын сургууль” ном нь орчин үеийн хайрын харилцааг сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй, ухаалаг үгсээр илэрхийлж бичсэн философийн бясалгал юм.” хэмээн уг номыг тодорхойлжээ.

Романтик зөгнөлөөр бол хүмүүс өөртэй нь л ижил сонирхолтой бас ижил үнэ цэнийг эрхэмлэдэг л бол “Яг тохирсон” хүн гэж боддог. Урт удаан амьдрахад яг тохирсон хүн гэж хэзээ ч байдаггүй… Төгс зохицох мөрөөдлийн хүний оронд өөр байдлаа тэвчин хүлээн зөвшөөрч чадах хүн л “Яг таарсан” хүн байх болно. Зохицол гэдэг нь хамт амьдарсан хайрын үр дүн болохоос хайрлахаас өмнө харсан нөхцөл биш юм.

Өөрийн жинхэнэ мэдрэмжээ, хайраа илэрхийлж, хүлээн авахад бидний “зүрх” голлох байр суурийг эзэлдэг бол, өөрөөсөө өөр бие хүнтэй ойлголцох, зохицох, хэзээ юуг хэлэх, ямар үйлдэл хийхээ шийдэхэд бидний “тархи” хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Эрик Фроммын “Хайрлах урлаг” номны гол философи болох хайрлах, хайрлуулах үйл явц нь цаанаасаа л болоод байдаг зүйл биш, сурч, хөгжүүлэх ёстой чадвар юм гэсэн ойлголт уг номонд ч мөн давтагдсан. Гэхдээ, гэрлэлтээс өмнөх буюу үерхэл, болзооны үе шатыг зөвхөн “хайр-зүрх” дангаараа байхад хангалттай байж болдог бол, хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулсны дараа бидний тархи “хайр” гэсэн “ажил” дээр илүү анхаарлаа хандуулан чухалчилж эхэлнэ.

Кирстэн унтлагын өрөөнд хэмжилт хийхээр явахад, настай эмэгтэй (тэдэнд байраа зарж буй) туранхай гараараа Рабиг татан “Хааяа түүний буруу байсан ч түүнд зөөлөн хандах хэрэгтэй шүү. Тэгнэ биз?!” гэж хэлэв.

Хүн болгонд сул тал, айдас, засахад хэцүү муу зуршил, багадаа авсан траума тодорхой хэмжээнд бий. Түүнтэйгээ нүүр тулж, даван туулахын оронд өөр хэн нэгнийг хаанаас ч юм гарч ирээд, зовлонг минь хөөн зайлуулаасай хэмээн хүлээх амархан, хийх ажил багатай аргыг бид даанч сонгохыг хүсдэг. Гэвч үнэндээ, энэ аргын бодит амьдрал дээрх хэрэгжилт бидний хүлээлтээс тэс ондоо байх нь олонтаа. Энэ нь ч аргагүй юм. Бид хайртай хүндээ тавих шаардлага, хүлээлтээ ихэсгэх тусам, тэднээсээ хүлээн авах хайрын хэмжээ багасдаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, obligation буюу үүрэг ихсэх тусам passion буюу хүсэл тэмүүлэл буурна.

Хоорондоо тийм ч их тохиромжтой хосууд биш гэдгээ сайн ухаарсан учраас Кирстэн Раби хоёр гэр бүл болоход бэлэн болсон.

Нэгнийхээ дутууг нөхөх, тусалж дэмжих гэдэг ойлголт нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, шүүмжлэлгүй хайрлах гэдэг ойлголттой харшиж байдаг. Эсвэл би энэ хоёр талыг наана цаана нь оруулж лего эвлүүлэхийг хараахан сураагүй яваа байх.

Хайртай хүндээ бүх л зүйлийг зааж сургана гэдэг санаа угтаа л утга учиргүй бараг л ёрын гэмээр.

Ойлгогдох гэдэг хэрэгцээ бусад бүх хоёрдогч хэрэгцээ дундаас хамгийн дээд нь биз. Гэвч, нэг нь ойлгогдож байхад, ойлгож байх тал бас байх нь дэндүү тодорхой. Заримдаа бид ойлгох талд орохдоо тун маруухан хандах нь бий. Үүний учир нь, эцэг эхчүүд хүүхдээ ойлгож, уйлж, уурлахад нь шалтгааныг нь өөрсдөө бодож, аргыг нь олж, аргадаж өсгөснөөр бидэнд ойлгогдох чадварыг гүн эзэмшүүлсэн боловч, ойлгох чадварыг бид харин нийгмийн харилцаанд орж эхэлсний дараа, цагийн аясаар өөрсдөө сурдаг. Тийм болохоор, нөгөө хүнээ ойлгох гэж хичээх, хичээж байгаа нэгнээ дэмжин, учраа хэлж ярилцан, бардам зангаа хойш нь тавих нь энэ процессийг улам л амархан, энгийн болгож өгдөг.

Магадгүй “The One” гэдэг зүйл байдаг байх. Энэ амьдралдаа бид чин сэтгэлээсээ хайрлах хүнтэйгээ нэг л удаа учирдаг байх. Гэвч энэ бол хайр буюу spiritual ойлголт. Харин хоёр тусдаа бие хүн хоорондоо харилцах, таарч тохирох, дасан зохицох гэх ойлголт үүнээс тэс өөр. Дэндүү олон хүчин зүйлээс хамаарч үүний үр дүн нь өөрчлөгддөг учраас л бид “хайрлах чадвар”-аа хөгжүүлэх, суралцах шаардлагатай болдог аж.

--

--

No responses yet