“Үзэхийн Хязгаар”

Номын тэмдэглэл/сэтгэгдэл

Zob
2 min readJan 2, 2023

Эдгүй байна гэдэг зовлон биш. Эдэд шүтсэн хүмүүс болчихвол л насаараа зовно!

Л.Өлзийтөгс зохиолчийн бичсэн өвөрмөц нэр, хавтастай энэхүү ном бидний үеийнхний дунд нилээдгүй алдартай. Нөхөр болох Г.Аюурзана зохиолчоор редакторлуулсан уг намтарчилсан эсээний ном миний сонирхлыг эртнээс татсан бөгөөд хайртай хүн минь уншуулан, энэхүү зохиолчтой танилцуулсан нь сайхан санагдаж байна.

Заримдаа үнэнийг мэдэхгүй, олж харахгүй байх нь хэрэгтэй ч юм шиг. Гэвч ухаант хүмүүн амьдралын үнэн рүү, энэ толь руу дөхөн очихгүй байж чаддаггүй шигээ үргэлж татагддаг гэнэм.

Би трейлерийг нь харалгүй киногоо шууд үздэг зангаараа номыг ч уншиж байж л дүгнэмээр санагддаг учраас уг номыг “иймэрхүү ном болов уу” хэмээн таамаглаж байсан минь санасан ёсоор зөрлөө. Уран зохиолыг би хүлээж байсан юм. Гэвч үнэндээ Өлзийтөгс зохиолчийн амьдралын туршлага, дурсамж түүхүүд уншихад тун сонирхолтой байсныг дурдах ёстой (ялангуяа “Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг” буюу Болд-Эрдэнэ гэх зохиолчтой холбоотой дурсамж).

Эцсийн эцэст, хүн өөрөө өөрийгөө л боловсруулдаг болохоос сургуулийн сайн, мууд гол учир нь оршдоггүйг сайн сургуульд сурч чадахгүй байгаадаа гутруухан явдаг залуусд хэлмээр санагддаг. Дээд сургуульд огт сурахгүй байсан ч дээгүүр амьдарч болно гэдгийг “амьдрал сайн мэднэ”.

“ Өлзийтөгс эгч”-тэй танилцахад уг номыг эхлээд унших хэрэгтэй гэж найз охин минь зөвлөсөн нь үнэн байжээ. Үнэндээ энэ бол “Хараацай зогсолт” номыг уншихын өмнөх миний бие халаалт. “Иймэрхүү” номнууд бестселлер болж, бид дотоод ертөнцдөө агаар оруулж байгаа нь хамгийн их таалагдаж байна.

Чи минь наддаа ирнэ дээ, ирнэ.
Цэцгийн Дагина минь наддаа ирнэ.
Хос тогорууг дөрөв болохоор ирнэ.
Хонгор минь намайг уучлаад ирнэ.
Чивэлт орчлонг тусдаа туулахгүй.
Чи минь наддаа ирнэ дээ, ирнэ.
Хайрт минь наддаа ирнэ дээ, ирнэ.
Хаврын бороо шиг эргээд ирнэ.
Цэнхэр одод намайг зэмлэхэд
Чи минь намайгаа өрөвдөөд ирнэ.
Анхны хайрандаа чи минь ирнэ.
Алдаа бүгдийг маань уучлаад ирнэ.
Чимээгүй ширтэх харцаараа зэмлэж
Чи минь намайгаа ухааруулж ирнэ. (1992.9)

Хов хоосон хана руу яг арван жил хар! Босч болохгүй! Зөвхөн урагшаа хар! Нүдээ цавчилж болохгүй! Амьсгалахаасаа ч айгтун! Хараад л байвал тэр хана өөрөө онгойно!

Яруу найраг бол хүн төрөлхтөнд тавьсан Бурханы АСУУЛТ билээ.

(2022 оны 6 сарын 27-нд бичив)

--

--